"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ

Thursday, December 9, 2010

Б.БАЯР ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН САНАЛЫГ НИЙТЭЛЛЭЭ. БИ Ч БАС САНАЛ НЭГТЭЙ БАЙГАА ...

Сайн байна уу?

Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй цаг зав гаргаж танилцлаа. Өмгөөлөгч Нацагдорж, Түвшинцэнгэл нартай санал нэг байгаагаа илэрхийлье. Мөн дараах санал, тайлбар гаргаж байна.

6.2-12.2 дугаар заалтуудыг (Холбооны бүтэц зохион байгуулалт, Их хурал, Ерөнхийлөгч, хороод зэрэг) хасах саналтай.

Өмгөөллийн тухай хууль болохоос Өмгөөлөгчдийн холбооны (цаашид ӨХ гэх) тухай хууль биш, нэгэнт бүх төрийн бус байгууллагууд Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдаж буй. ӨХ өөрийн бүтэц, чиг үүргийг хуульд өөрчлөлт оруулж буюу УИХ-аар биш хэдийд ч өөрөө өөрчлөн зохицуулах эрхтэй байх ёстой.

Харин салбарын өөрөө зохицуулах байгууллагын талаас нь илүү заалт оруулах шаардлагатай байна.

“14.5.Өмгөөлөгчөөр ажиллах насны дээд хязгаар 65 нас байна” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт энэ шаардлага ач холбогдолгүй.

“17.1.Хоёр буюу түүнээс дээш өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагааг хамтран эрхлэх зорилгоор товчоо /цаашид “товчоо” гэх/ байгуулж болно” мөн “17.2.Товчоо нь Холбооны салбар байх бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэжээ.

Энд 3 ноцтой асуудал байна: Нэгдүгээрт, зөвхөн товчоо хэлбэрээр ажиллахыг шаардаж байна. Хоёрдугаарт, Холбооны салбар байхыг шаардаж байна, Гэтэл Холбоо толгой байгууллага болсноор өөрт нь ямар үр дагавартай байхыг энэ төсөл боловруулсан хүмүүс ойлгож байгаа юу? Холбооны нэр барьж зарим хүмүүс нийт өмгөөлөгчдийн бизнесийн хувьцаа эзэмших гэж байгаа юм уу? Стратегийн орд гэдэг шиг стратегийн мэргэжил учраас Холбоо бизнесийн тодорхой хувь эзэмших юм уу? Гуравдугаарт, ашгийн төлөө бус бай гэдэг нь ашиггүй ажилла гэсэн үг байна. 1970 он бус 2010 он байгааг энэ төсөл боловруулсан хүмүүс мартжээ.

Монгол Улсын бусад иргэд бизнес эрхлэхэд хуулиар ямар хэлбэрээр эрхлэхийг нь, ашиг олох уу олохгүй юу, бусдад харьяалагдах уу гэдгийг зааж өгдөггүй. Өмгөөлөгчдийг ийнхүү ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн заалт оруулж байгаа нь ямар учиртай вэ? Бид ямар гэм үйлдсэнээрээ энэ нийгэмд ийнхүү доод зэрэглэлд орох болов? Төслийн үзэл баримтлалтай танилцаж болох уу? УИХ ч ийм асуудлыг хүлээж авахгүй л болов уу? Энэ төслийг хэн бичсэнийг асуумаар л байна.

17.3. болон 17.4.-өөр “товчоо байгуулах хүсэлтийг Холбоонд бичгээр гарган Холбоо нь товчоог улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэжээ.

Улсын бүртгэлийн хуулиар бүртгэж байхад Холбоо ингэж бас нэг дамжлага үүсгэх шаардлагагүй. Иргэд, хуулийн этгээд өөрсдөө бүртгүүлдэг болохоос хэн нэгнийг гуравдагч этгээд бүртгүүлдэггүй,

17.8.-д “Өмгөөллийн үйл ажиллагааг энэ хуулийн 17.2-т зааснаас бусад хэлбэрээр хамтран эрхлэх, товчоог ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг хориглоно” гэжээ.

Зөвхөн манай компани гэхэд л НӨАТ болон ААНОАТатваруудыг төлж төрийн төсвийн орлогод бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна, Монгол Улсын иргэн надад татвар төлөх хүсэл байвал яагаад хорих ёстой вэ? Татвар төлдөггүй, ашиг олдоггүй ядмаг өмгөөлөгч, хуульчаас ямар эрүүл бизнесмэн компани, татвар, аж ахуйн зэрэг олон сая, тэрбум төгрөгийн асуудлаар зөвлөгөө авах юм бэ? Эцсийн үр дүн юу болох вэ? Тэр бизнесмэн өмгөөлөгч биш, өөрөөр хэлбэл энэ хуулийн дарамтад байхгүй хуульчийг компаний хуульч болгож ажиллуулаад эсвэл интернет ороод л Москва, Бээжин, Гонг Конгийн хуульчаас зөвлөгөө авна. Үр дагаврыг нь та бүхэн төсөөл дөө. Ерөөсөө энэ төслийн утга санаа бол Монголын өмгөөлөгчдийг дампууруулах санаа байна, энэ төслийг хэн бичсэнийг асуухгүй бол болохгүй нь.

18.4-өөр төлбөрийн чадваргүй иргэдийн асуудлыг хуучин аргаараа л шийдэхийг санал болгосон байна.

Дэлхий нийтийн жишгээр шийдэх цаг болсон, 1-рт, ийм иргэдэд үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг төр, эсвэл тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллага гаргах, 2-рт, Холбоо ийм үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй өмгөөлөгчдийг бүртгэн зөвхөн тэдний дундаас томилон (тэрнээс биш бүх өмгөөлөгчдийг хамруулахгүй) улмаар үйлчилгээний хөлсийг төр болон хандивлагч төрийн бус байгууллага төлдөг байх, 3-рт, ингэж бүртгэгдээгүй бусад өмгөөлөгчид өөрсдөө төлбөрийн чадваргүй иргэнээ олоод жилд 2 удаа үнэгүй үйлчилгээ үзүүлж энэ тухайгаа нотлох баримтын хамт Холбоонд ирүүлдэг.

19.1.-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд мэргэшлийн шалгаруулалтад орохын өмнө 3 сараас доошгүй хугацаагаар өмгөөлөгчийн дэргэд дадлагажигчаар ажиллана” гэжээ.

3-хан сар хангалтгүй. Бульдозерын жолооч бол магадгүй. Эмч, хуульч, нягтлан бодогч зэрэг мэргэжлийг нарийн мэргэжил гээд байдаг нь ээдрээтэй нарийн асуудал, хүний хувь заяа, амьдралыг шийдэхэд зөвлөдөг, өвчтөн, үйлчлүүлэгч нар эрүүл мэнд, амь нас, амьдрал, хувь заяагаа тэр мэргэжилтнүүдэд даатгадаг учраас тэр юм, 3-хан сар дадлага хийсэн хүнд хэн ч ингэж даатгахгүй.

Өмгөөлөгчийн мэргэжлийг ийнхүү дампууруулах санаа бүхий хүн бидний дунд байгаад ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буй бол нэрийг нь ил болгож хариуцлага тооцох нь зүйтэй. Хэрэв хөндлөнгийн этгээд бол “баярлалаа, бид нар зүгээрээ” гэж хэлье.

19.3.-д “Холбоо дадлагажигчийн бүртгэлийг хөтлөх бөгөөд ажиллах харъяаллыг тогтооно” гэжээ.

Унших тутам бухимдамаар юм. Холбоо жил бүр сургууль төгсөж буйг олон мянган хүүхдийг өчнөөн зардал гаргаж бүртгээд яах юм? Ямар ач холбогдол байна? Тэгээд эвлэлийн илгээлт гэдэг шиг томилолт өгч явуулах юм уу? Явахгүй бол яах вэ? Шийтгэх үү? Хүний эрхийг ингэж хуульчид өөрсдөө зөрчих юм уу?

22 дугаар буюу мэргэшлийн шалгалтын хувьд Монгол Улсаас өөр улсад 2 шалгалт өгч байж өмгөөлөгч болдог улс байхгүй. Шаардлагатай бол ӨХ ХЗДХЯ-тай хамтран энэ шалгалтыг авч шат дамжлага, чирэгдэлийг багасгах хэрэгтэй байна.

22.5.-д “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ерөнхийлөгч 65 нас хүртэл нь олгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт 65 хүрэхээр нь амьжиргаанаас нь салгах юм уу.

Мөн 23.1.–д “эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өмгөөллийн үйл ажиллагааг 6 сараас дээш хугацаагаар эрхлэх боломжгүй болсон бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн ерөнхийлөгч түдгэлзүүлнэ” гэжээ.

Өвдөөд ажлаа хийж чадахгүй эмчлүүлж, өр, зээлтэй болоод байхад нь “даарин дээр давс” гэгч болохгүй юу?

24.1.4.-д “өмгөөлөгч 65 хүрсэн бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өмгөөлөгчийн өөрийнх нь болон Холбооны санаачлагаар хүчингүй болгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт 65 хүрэхээр нь амьжиргаанаас нь салгах юм уу. 65 нас хүрэх нь нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсантай ижил үр дагавартай юм байна, энэ хуулийн төслийг зохиогчдын хувьд,

Мөн 24.2.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөллийн үйл ажиллагааг 3 жилээс дээш хугацаагаар эрхлээгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Татвараа төлөөд бусад мэргэжлийн түвшнээ хадгалах шалгуурыг хангаж байгаа, өөр ажил эрхлээд явж буй өмгөөлөгч 5 дахь эсвэл 10 дахь жилээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулахыг хүсэж болно.

25-р зүйлтэй (өмгөөллийн үйлчилгээний хөлс)-тэй холбогдуулан хэлэхэд 18.5 дугаар зүйлд өгсөн санал, тайлбарын дагуу төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг төрөөс буюу тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллага гаргаж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчээс өмгөөллийн үйлчилгээний хөлс авахгүй байж болно.

Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр бүртгэгдээгүй бусад өмгөөлөгчид өөрсдөө төлбөрийн чадваргүй иргэнээ олоод үнэгүй үйлчилгээ үзүүлж болох ёстой.

“Өмгөөллийн үйлчилгээний хөлсний жишгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэсний хувьд:

Зах зээлийн өнөөгийн нөхцөлд социализмын, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн ийм зохицуулалт шаардлагагүй. Харин 1) өмгөөллийн үйлчилгээний хөлсний доод жишгийг, 2) төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд үйлчлэх хөлсний дээд жишгийг тогтоож болно.

Ер нь нэг ийм дүр зураг тодорч байна: Бид энэ хуулиар бол нэг хувь хүн буюу нэг хэсэг хувь хүний харьяалалд “салбар товчоо” болон дагаар орж, аль болох залуугаараа үтэр түргэн шалгалтуудыг өгч заасан газар нь ажилдаа орон, зөвхөн тэдний төлөө ажиллан, төлбөрийн чадваргүй иргэнийг хоёр удаа өмгөөлөх зардалтай тэнцэх мөнгөн хөрөнгийг, “гишүүний татвар”ын хамт “эзэддээ” төлөх боловч өөр ашиг хонжоо хайх явдалгүй, улмаар 65 хүрмэгц “эздийн” шаардлагыг хангахгүй болсон тул зөвшөөрлөө эгүүлэн тушааж байх юм байна.

Ийм хариуцлагагүй юм хийж бидний цагийг бүү бараад байгаачээ, Холбоо энэ хүмүүстэй хариуцлага тооцоочээ, тооцож болдоггүй юм бол дахиж энэ ажилд битгий оролцуулаач гэж гуйя.

Өмгөөлөгчдөөсөө мөн байр сууриа илэрхийлэхийг хүсье. Та бүхэн дэмжихгүй бол ноцтой зүйл байгааг анхаарна уу. Сүржигнэж байгаа юм биш, хэрэв ийм хуультай болчихвол Монгол өмгөөлөгчид Монгол Улсад ажиллаж, амьдрах хэцүү болох юм байна гэж ойлгож байна.

Хүндэтгэсэн

Өмгөөлөгч Б. Баяр

No comments:

Post a Comment