"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ
Friday, February 26, 2010
Кредит цагаа гэж..
Энэ ёстой нэг мангар том толгойны өвчин болж байна аа. Хуульчдийн үргэлжилсэн давтан сургалтанд заавал хамрагдах ёстой болж үйл лайгаа эдэлж байна даа. 2008 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэн энэхүү журмаар хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч болгон сонгон шалгаруулалтынхаа гэрчилгээг цээжээрээ хамгаалахын тулд 3 жил тутамд 30 кредит цагийн сургалтанд хамрагдах ёстой болж байна. Энэ онд миний 3 жилийн хугацаа дуусна. Тэгэхээр энэ жилдээ багтаагаад 30 кредитээ цуглуулах ёстой гэсэн үг. Гэтэл өнөөдөр дөнгөж эхний ганц кредитээ олж авлаа. Хэрвээ энэ жил 30 кредитээ цуглуулж чадахгүй бол хуульчийн сонгон шалгаруулалтын гэрчилгээ будаа, тэрийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бас будаа болно гэсэн үг. Тэгэхээр яаж ийж байгаад л тэр 30 кредитийг нь хэрэгтэй хэрэггүй баахан сургалтуудад нь хамрагдаж байгаад олж авах хэрэгтэй болж байна. Энэ хэтэрхий муйхар арга биш гэж үү. Бид зах зээлийн эдийн засагтай нийгэмд амьдарч байгаа гэж ойлгож байгаа. Зах зээлийн эдийн засгийн орчинд дасан зохицож оршин тогтнож чадах эсэх нь тухайн өмгөөлөгчийн өөрийнх нь ухамсрын л хэрэг. Би лав хувьдаа тэрхүү давтан сургалтуудад хамрагдсанаараа айхтар мундаг сайн өмгөөлөгч болно гэж бодохгүй л байна. Сайн хуульч, сайн өмгөөлөгч байхын тулд өөрийгөө хэний ч албадлаггүйгээр хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал биш гэж үү. Хэрвээ тэгж өөрийгөө хөгжүүлж сайжруулах хүсэл сонирхол байхгүй бол зах зээлийн үл үзэгдэх гар гэгддэг хуулийнхаа дагуу шахагдаад л гарна л биз дээ. Тэрний төлөө ХЗДХЯ, ХЗҮХ зэрэг байгууллагууд санаа зовоод л... Гэхдээ давтан сургалтууд огт хэрэггүй гэж байгаа юм биш. Тэрэнд заавал албадаж хамруулж байгаа нь шал утгагүй. Харин хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэж байдаг шүүгчид харин заавал давтан сургалтад хамрагдаж байх нь зүй ёсны асуудал. Магадгүй тэд тухайн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан дээрээ зөв шийдэх буруу шийдэх нь хэнд ч хамаагүй авдаг цалингаа авч л байдаг. Магадгүй энэ нь шүүгчдийг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг нь өдөөхгүй байхыг үгүйсгэхгүй. Харин өмгөөлөгч миний хувьд бол аль болох ур чадвар сайтай, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж чаддаг байх миний орлогтой шууд хамааралтай байдаг. Тэгэхээр би орлог сайтай байхын тулд ур чадвар, мэдлэг сайтай байх шаардлагатай, тийм байхын тулд би өөрийгөө байнга хөгжүүлж байх шаардлага урган гарч байдаг. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл намайг заавал албадах хэрэггүй л байхгүй юу. Харин эсрэгээрээ надаас авч байгаа сургалтын төлбөр хэн нэгэнд нь чухал байж магадгүй л юм. Бяцхан тооцоо хийж үзье. Монгол Улсад ойролцоогоор 1000 орчим өмгөөлөгч байдаг гэсэн. Тэд бүгдээрээ 3 жилд 30 кредит цуглуулах ёстой. 1 кредит цагийн төлбөр 10000 орчим үнэтэй. 10000 төгрөгийг 30 кредитээр үржүүлбэл 300000 мянган төгрөг болно. Энэ 300000 төгрөгийг 1000 өмгөөлөгчөөрөө үржүүлбэл 300000000 төгрөг болно биз дээ. Гурван зуун сая төгрөг бид нараас ... Тэгсэн атлаа шүүгч, прокуроруудаас төлбөр авдаггүй юм шиг байна лээ. Эрх бүхий албан тушаалтан нь миний энэ бичлэгийг уншаасай, тэгээд нэгийг бодоосой... Ер нь ийм байх хэрэгтэй гэж үү...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment