"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ

Friday, January 28, 2011

21 ДҮГЭЭР ЗУУН УУ, ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ ҮҮ

Улаанбаатарын гудамж. Монгол Улс хөрсөн доороо ашигт малтмал асар их нөөцтэй, түүнийг нь мөнгөн дүнд шилжүүлэхээр аманд багтахгүй их тоо гарна.
Миний сонссоноор хамгийн сүүлд Энержи Ресурс компани Ухаа худаг гэж нэрлэдэг ганцхан төслийг хэрэгжүүлдэг бөгөөд компанийнхаа 20 хувийг Гонконгийн хөрөнгийн бирж дээр 700 сая ам доллар хүргэж зарсан гэх.
Ухаа худагаас дутахааргүй том том уул уурхайн төслүүд Монголд хэд хэдээрээ хэрэгжих боломжтой. Энэ нь Монгол Улсын эдийн засагт мэдээжээр асар их мөнгө, хуримтлал бий болох боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд бид бүгдээрээ
хангалуун сайхан амьдрах таатай нөхцөл, ойрын ирээдүй байна гэсэн үг. Бараг ирээдүй гэж хэлэхгүй, яг өнөөдөр тийм байдлаар амьдрах боломжтой гэхэд хилсдэхгүй байх.
Гэтэл дээрх зурган дээр байгаа хүүхэд гадаа -20 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай, дагжитлаа чичирчихсэн, дээрээс өлсгөлөн, хир тоосондоо баригдчихсан хөлдүү цементэн зам дээр, хүмүүсийг задгай мөнгө өгөх болов уу гэж горьдон сууж байна. Энэ хүүхдийн цаана олсон мөнгөөр нь бор хоногоо өнгөрөөх гэсэн хэдэн хүн байгаа бол... Магадгүй энэ хорвоогийн хатуу тавиланг дагаж эцэг, эхээсээ бага насандаа хагацсан өнчин өрөөсөн байхыг үгүйсгэхгүй, эсвэл эцэг, эх нь байдаг бол хөдөлмөрийн чадваргүй хүнд өвчтэй, аргагүйн эрхэнд хүүхэд нь ийм байдалтай байхыг ч үгүйсгэхгүй.
Харин үүний эсрэгээр ядарсан биш, задарсан, арчаагүй, архичин, хогийн новш байвал арай ч дээ. Хүүхдээ ийм нөхцөлд амьдруулж байх ч гэж дээ. Харамсаад харамсаад барахгүй...
Энэ хүүхэдтэй адил нөхцөлд амьдарч, ийнхүү гуйлга гуйж байгаа хүүхдийг Улаанбаатар хотын гудамжнаас нэлээн олныг харж болно гэдгийг би маш итгэлтэй хэлж чадна.
1996 оны 5 сарын 07-ны өдөр батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.2-т "Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй", уг хуулийн 5.3-т "Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх ... эрхтэй" /http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1354/ гэж заажээ.
Харин энэ хуулийн заалт дээрх хүүхдүүдэд огт хамаагүй бололтой. Шуудхан хэлэхэд нийгмийн хууль биш байгалийн хууль үйлчилж буй мэт...

No comments:

Post a Comment