"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ

Friday, April 23, 2010

Давж заалдах гомдол гаргах тухай

Өмгөөлөгч Г.Даваахүү би өөрийн үйлчлүүлэгч Х-т холбогдох эрүүгийн хэргийг ... Дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд Х-ийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181-3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж ял оногдуулсныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Холбогдсон хэргийн тухайд:

Х болон хамтран гэмт хэрэг үйлдсэн гэгдэх хүүхдүүдийн хийсэн үйлдэл нь чулуу шидэж айлын байшингийн цонх хагалсан бөгөөд дотор нь байсан хүнийг хашгирахаар нь хүн байсан юм байна гэдгийг мэдээд бүгдээрээ зугатацгаасан явдал байдаг. Ердөө л энэ.

Энэ үйлдлийг шүүх танхайрах гэмт хэрэг гэж үзсэн. Түүнчлэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж танхайрсан гэх. Эрүүгийн хуулинд зааснаар зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж танхайрсан үйлдэлд 5-аас дээш жилийн хорих ялтай зүйлээр зүйлчилж ял оногдуулахаар заасан. Ердөө л байшингийн цонх хагалсаны төлөө 5 жилийн хорих ялтай зүйлээр зүйлчилж ял оногдуулна гэдэг бол санаанд багтамгүй маш харгис шийдвэр. Энэ арай дэндэнэ. Гэтэл Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хүний амь наснаас байшингийн цонхыг илүүд үзэж байгааг бид огт ойлгохгүй байна. Гэхдээ энэ бол нэгэнт хуулинд ингэж заасан учраас гэж шүүгч тайлбарлана гэдэг нь тодорхой.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний тухайд:

Харин Х-ийн үйлдэл нь үнэхээр Эрүүгийн хуулинд заасан танхайрах гэмт хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй. Бүр эргэлзээтэйгээр барахгүй огт биш гэж өмгөөлөгч би үзэж байна. Учир нь хуулийн томъёолол нь "Бусдыг илтэд үл хүндэтгэн ..." гэж заасан. Х-ийн үйлддэл, мөн нөхдийнх нь ч ялгаагүй бүгдээрээ хэн нэгэн бусад хүмүүсийг илтэд үл хүндэтгэсэн явдал байхгүй. Тэд чулуу шидэж цонх хагалах үед "БУСАД" гэгдэх хэн нэгэн хүн байгаагүй, уг байшинд хүн дотор нь байг болзошгүй ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй, харин ч эсрэгээрээ тухайн байшинд хүн амьдардаггүй байш болзошгүй шинж тэмдэгүүд байсан, тодруулбал уг байшингийн гадна хэсгийн барилгын ажил дутуу хийгдсэн буюу дээвэр нь дутуу баригдсан, тоосго дутуу өрөгдсөн, харанхуй, гадуураа хашаагүй, гадуур нь барилгын материал хөглөрсөн байдалтай байсан гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлт гэх мэт бичгийн нотлох баримтуудаар батлагддаг. Энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын болон хохирогчийн мэдүүлэг, асуулт хариулт гэх мэт ерөнхийдөө шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн дүүрэн нотлогдсон билээ.

Тэгэхээр бусдын буюу тодорхой бие хүний эсрэг, эсхүл тухайн цаг үед ойр орчимд нь хэн нэгэн хүн байсан болоод тухайн хүний амгалан тайван байдал дээрх үйлдлийг хийснээр алдагдсан байх үр дүнг бий болно гэдгийг шүүгдэгч нар урьдаас мэдэж, тийм үр дүнг зориуд хүсч байшингийн цонх хагалсан бол танхайрах гэмт хэрэг биш маргах аргагүй юм. Гэтэл мөрдөн байцаалтаар болон анхан шатны шүүх хуралдаанаар нотлогдсон нөхцөл байдал нь шүүгдэгч нар огт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зорилго агуулаагүй, харин ч хүн байсан юм байна гэдгийг цонх хагалсны дараа уг байшин дотроос хэн нэгэн хүн хашгирах үед мэдээд шүүгдэгч нар өөрсдөө айгаад тэндээс ум хумгүй зугатацгаасан байдаг, үүнийг шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлэхээс гадна хохирогч гэгдэх эмэгтэй ч бас тэднийг зугатацгааж байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ бол нотлогдсон нөхцөл байдал. Тэгээд ч гэмт хэрэг үйлдэж байгаа хүн хохирогчоосоо айгаад зугатна гэдэг ойлгомжгүй, тэртусмаа санаатайгаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хүссэн гэгдэх хүмүүсийн хувьд.

Тэгэхээр эцэст нь дүгнэн хэлэхэд ямар нэгэн амьгүй байшингийн ч юм уу, эсхүл амьгүй гудамжны ч эсрэг юм уу байшин гудамжны амгалан тайван байдлыг алдагдуулна гэсэн ойлголт байж болохгүй болов уу гэж үзэж байна. Энэ нь Х-ийн үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь санаатайгаар биш болгоомжгүйгээр хохирогчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх бөгөөд, гагцхүү чулуу шидэж байшингийн цонх хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн үйлдэл байгаа нь маш тодорхой нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Х-ийн үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзсэн нь тэдний үйлдлийг буруу зүйлчилсэн байж болзошгүй. Ер нь ганцхан ширхэг чулуу шидэж цонх хагалаад үүнээсээ болж 5 жилийн хорих ял шийтгүүлэх гэдэг санаанд багтамгүй зүйл. Гэхдээ аз болж Х-ийн хэрэг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж 5 жилээс 3 жил нь хасагдаж биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоосон. Хэрвээ Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж гараагүй байсан бол ямар ч аргагүй шууд 5 жил гэж анхан шатны шүүх ял оногдуулахыг үгүйсгэхээргүй байна. Шүүх ингэж зүйлчилж ял оногдуулж байгаад өмгөөлөгч би маш их харамсаж байна.

Иймд Х-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.


Хүндэтгэсэн өмгөөлөгч Г.Даваахүү

Ийм нэг хэрэг дээр ийм нэг давж заалдах гомдол бичлээ. Та бүхэн сэтгэгдлээ бичээрэй

No comments:

Post a Comment