"БҮХ ХУУЛИУДИЙН ДОТРООС ХАМГИЙН ШУДАРГА, ХАМГИЙН ХАТУУ НЬ ЦАГ ХУГАЦАА" НАДААС УХААНТАЙ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС ИШ ТАТАВ

Friday, January 28, 2011

21 ДҮГЭЭР ЗУУН УУ, ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ ҮҮ

Улаанбаатарын гудамж. Монгол Улс хөрсөн доороо ашигт малтмал асар их нөөцтэй, түүнийг нь мөнгөн дүнд шилжүүлэхээр аманд багтахгүй их тоо гарна.
Миний сонссоноор хамгийн сүүлд Энержи Ресурс компани Ухаа худаг гэж нэрлэдэг ганцхан төслийг хэрэгжүүлдэг бөгөөд компанийнхаа 20 хувийг Гонконгийн хөрөнгийн бирж дээр 700 сая ам доллар хүргэж зарсан гэх.
Ухаа худагаас дутахааргүй том том уул уурхайн төслүүд Монголд хэд хэдээрээ хэрэгжих боломжтой. Энэ нь Монгол Улсын эдийн засагт мэдээжээр асар их мөнгө, хуримтлал бий болох боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд бид бүгдээрээ
хангалуун сайхан амьдрах таатай нөхцөл, ойрын ирээдүй байна гэсэн үг. Бараг ирээдүй гэж хэлэхгүй, яг өнөөдөр тийм байдлаар амьдрах боломжтой гэхэд хилсдэхгүй байх.
Гэтэл дээрх зурган дээр байгаа хүүхэд гадаа -20 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай, дагжитлаа чичирчихсэн, дээрээс өлсгөлөн, хир тоосондоо баригдчихсан хөлдүү цементэн зам дээр, хүмүүсийг задгай мөнгө өгөх болов уу гэж горьдон сууж байна. Энэ хүүхдийн цаана олсон мөнгөөр нь бор хоногоо өнгөрөөх гэсэн хэдэн хүн байгаа бол... Магадгүй энэ хорвоогийн хатуу тавиланг дагаж эцэг, эхээсээ бага насандаа хагацсан өнчин өрөөсөн байхыг үгүйсгэхгүй, эсвэл эцэг, эх нь байдаг бол хөдөлмөрийн чадваргүй хүнд өвчтэй, аргагүйн эрхэнд хүүхэд нь ийм байдалтай байхыг ч үгүйсгэхгүй.
Харин үүний эсрэгээр ядарсан биш, задарсан, арчаагүй, архичин, хогийн новш байвал арай ч дээ. Хүүхдээ ийм нөхцөлд амьдруулж байх ч гэж дээ. Харамсаад харамсаад барахгүй...
Энэ хүүхэдтэй адил нөхцөлд амьдарч, ийнхүү гуйлга гуйж байгаа хүүхдийг Улаанбаатар хотын гудамжнаас нэлээн олныг харж болно гэдгийг би маш итгэлтэй хэлж чадна.
1996 оны 5 сарын 07-ны өдөр батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.2-т "Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй", уг хуулийн 5.3-т "Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх ... эрхтэй" /http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1354/ гэж заажээ.
Харин энэ хуулийн заалт дээрх хүүхдүүдэд огт хамаагүй бололтой. Шуудхан хэлэхэд нийгмийн хууль биш байгалийн хууль үйлчилж буй мэт...

Monday, December 27, 2010

ХОРТ УТААНЫ БАГ БӨӨНДӨЖ АВНА


...тэгээд хэдэн жилийн дараа зарвал ч үнэ хүрэх байх шүү. Сүүлийн нэлээн хэдэн жил хотын агаар дэндүү аймаар утаатай байна. Энийг ч би хэлсэн хэлээгүй бүгдээрээ мэдэж байгаа дөө. Гэхдээ энэ янзаараа хотын утаа өвөл болгон аймаар их хэвээрээ байхаар бол хорт утааны баг бүгдээрээ зүүж магадгүй юм шиг ээ. Тэгвэл ч би бөөндөж авсан хорт утааны багаа овоо үнэ хүргэж мэднэ шүү. Хэ хэ хэ...

Monday, December 13, 2010

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХАНДАХ УРИАЛГА

Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шүүхийн шинэтгэлийн хамгийн чухал хэсэг болохын хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын оролцоотойгоор өмгөөлөгчдийн өргөн төлөөлөл бүхий ажлын зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлгээр оруулж дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Эрх зүйт нийгэмд аливааа хууль тогтоомжийг гаргахдаа үйлчлэлд нь өртөх магадлалтай, хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцох шууд сонирхол бүхий барьсан одоогийн хуулийн төсөл хангахгүй байна.

Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэншсэн нийгмийн чиг баримжаата болгоход чухал үүрэгтэй энэ хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан болон үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахтай уялдуулан иж бүрнээр боловсруулах ёстой.

Өмгөөлөгч 65 нас хүрсэн бол өмгөөлөх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор байгаа нь өмгөөлөгчдийг насаар нь явгаварлан гадуурхсан, иргэдийн өмгөөлүүлэх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэнд халдаж байгаа явдал юм.

Өмгөөллийн үйлчилгээг хамтран эрхлэх хэлбэр нь товчоо, товчоог холбоогоор дамжуулан бүртгүүлэх, товчоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэсэн нь Монгол Улсын олон хууль зөрчиж байна.

Түүнчлэн өмгөөллийн үйлчилгээний жишиг хөлсийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр тогтоолгохоор төлөвлөж байгаа нь мэргэжлийн үйлчилгээний зах зээлд төрөөс зүй бусаар оролцох оролдлого гэж үзэж эсэргүүцэж байна.

Иймд энэхүү саналын дагуу иргэдийн болон мэргэжлийн байгуулагын оролцоог хангах үүднээс дахин боловсруулах чиглэл өгч хуулийн төслийг батлалгүйгээр хуулийн төсөл санаачлагч Засгийн газарт буцаахыг уриалж байна.



Уриалга гаргасан

"Өмгөөлөгчдийг өмгөөлөх нь" хэлэлцүүлэгт оролцогч өмгөөлөгчид



МҮХАҮТ-ын байр, Улаанбаатар хот

2010 оны 12 сарын 11-ний өдөр

Thursday, December 9, 2010

Б.БАЯР ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН САНАЛЫГ НИЙТЭЛЛЭЭ. БИ Ч БАС САНАЛ НЭГТЭЙ БАЙГАА ...

Сайн байна уу?

Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй цаг зав гаргаж танилцлаа. Өмгөөлөгч Нацагдорж, Түвшинцэнгэл нартай санал нэг байгаагаа илэрхийлье. Мөн дараах санал, тайлбар гаргаж байна.

6.2-12.2 дугаар заалтуудыг (Холбооны бүтэц зохион байгуулалт, Их хурал, Ерөнхийлөгч, хороод зэрэг) хасах саналтай.

Өмгөөллийн тухай хууль болохоос Өмгөөлөгчдийн холбооны (цаашид ӨХ гэх) тухай хууль биш, нэгэнт бүх төрийн бус байгууллагууд Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдаж буй. ӨХ өөрийн бүтэц, чиг үүргийг хуульд өөрчлөлт оруулж буюу УИХ-аар биш хэдийд ч өөрөө өөрчлөн зохицуулах эрхтэй байх ёстой.

Харин салбарын өөрөө зохицуулах байгууллагын талаас нь илүү заалт оруулах шаардлагатай байна.

“14.5.Өмгөөлөгчөөр ажиллах насны дээд хязгаар 65 нас байна” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт энэ шаардлага ач холбогдолгүй.

“17.1.Хоёр буюу түүнээс дээш өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагааг хамтран эрхлэх зорилгоор товчоо /цаашид “товчоо” гэх/ байгуулж болно” мөн “17.2.Товчоо нь Холбооны салбар байх бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэжээ.

Энд 3 ноцтой асуудал байна: Нэгдүгээрт, зөвхөн товчоо хэлбэрээр ажиллахыг шаардаж байна. Хоёрдугаарт, Холбооны салбар байхыг шаардаж байна, Гэтэл Холбоо толгой байгууллага болсноор өөрт нь ямар үр дагавартай байхыг энэ төсөл боловруулсан хүмүүс ойлгож байгаа юу? Холбооны нэр барьж зарим хүмүүс нийт өмгөөлөгчдийн бизнесийн хувьцаа эзэмших гэж байгаа юм уу? Стратегийн орд гэдэг шиг стратегийн мэргэжил учраас Холбоо бизнесийн тодорхой хувь эзэмших юм уу? Гуравдугаарт, ашгийн төлөө бус бай гэдэг нь ашиггүй ажилла гэсэн үг байна. 1970 он бус 2010 он байгааг энэ төсөл боловруулсан хүмүүс мартжээ.

Монгол Улсын бусад иргэд бизнес эрхлэхэд хуулиар ямар хэлбэрээр эрхлэхийг нь, ашиг олох уу олохгүй юу, бусдад харьяалагдах уу гэдгийг зааж өгдөггүй. Өмгөөлөгчдийг ийнхүү ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн заалт оруулж байгаа нь ямар учиртай вэ? Бид ямар гэм үйлдсэнээрээ энэ нийгэмд ийнхүү доод зэрэглэлд орох болов? Төслийн үзэл баримтлалтай танилцаж болох уу? УИХ ч ийм асуудлыг хүлээж авахгүй л болов уу? Энэ төслийг хэн бичсэнийг асуумаар л байна.

17.3. болон 17.4.-өөр “товчоо байгуулах хүсэлтийг Холбоонд бичгээр гарган Холбоо нь товчоог улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэжээ.

Улсын бүртгэлийн хуулиар бүртгэж байхад Холбоо ингэж бас нэг дамжлага үүсгэх шаардлагагүй. Иргэд, хуулийн этгээд өөрсдөө бүртгүүлдэг болохоос хэн нэгнийг гуравдагч этгээд бүртгүүлдэггүй,

17.8.-д “Өмгөөллийн үйл ажиллагааг энэ хуулийн 17.2-т зааснаас бусад хэлбэрээр хамтран эрхлэх, товчоог ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг хориглоно” гэжээ.

Зөвхөн манай компани гэхэд л НӨАТ болон ААНОАТатваруудыг төлж төрийн төсвийн орлогод бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна, Монгол Улсын иргэн надад татвар төлөх хүсэл байвал яагаад хорих ёстой вэ? Татвар төлдөггүй, ашиг олдоггүй ядмаг өмгөөлөгч, хуульчаас ямар эрүүл бизнесмэн компани, татвар, аж ахуйн зэрэг олон сая, тэрбум төгрөгийн асуудлаар зөвлөгөө авах юм бэ? Эцсийн үр дүн юу болох вэ? Тэр бизнесмэн өмгөөлөгч биш, өөрөөр хэлбэл энэ хуулийн дарамтад байхгүй хуульчийг компаний хуульч болгож ажиллуулаад эсвэл интернет ороод л Москва, Бээжин, Гонг Конгийн хуульчаас зөвлөгөө авна. Үр дагаврыг нь та бүхэн төсөөл дөө. Ерөөсөө энэ төслийн утга санаа бол Монголын өмгөөлөгчдийг дампууруулах санаа байна, энэ төслийг хэн бичсэнийг асуухгүй бол болохгүй нь.

18.4-өөр төлбөрийн чадваргүй иргэдийн асуудлыг хуучин аргаараа л шийдэхийг санал болгосон байна.

Дэлхий нийтийн жишгээр шийдэх цаг болсон, 1-рт, ийм иргэдэд үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг төр, эсвэл тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллага гаргах, 2-рт, Холбоо ийм үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй өмгөөлөгчдийг бүртгэн зөвхөн тэдний дундаас томилон (тэрнээс биш бүх өмгөөлөгчдийг хамруулахгүй) улмаар үйлчилгээний хөлсийг төр болон хандивлагч төрийн бус байгууллага төлдөг байх, 3-рт, ингэж бүртгэгдээгүй бусад өмгөөлөгчид өөрсдөө төлбөрийн чадваргүй иргэнээ олоод жилд 2 удаа үнэгүй үйлчилгээ үзүүлж энэ тухайгаа нотлох баримтын хамт Холбоонд ирүүлдэг.

19.1.-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд мэргэшлийн шалгаруулалтад орохын өмнө 3 сараас доошгүй хугацаагаар өмгөөлөгчийн дэргэд дадлагажигчаар ажиллана” гэжээ.

3-хан сар хангалтгүй. Бульдозерын жолооч бол магадгүй. Эмч, хуульч, нягтлан бодогч зэрэг мэргэжлийг нарийн мэргэжил гээд байдаг нь ээдрээтэй нарийн асуудал, хүний хувь заяа, амьдралыг шийдэхэд зөвлөдөг, өвчтөн, үйлчлүүлэгч нар эрүүл мэнд, амь нас, амьдрал, хувь заяагаа тэр мэргэжилтнүүдэд даатгадаг учраас тэр юм, 3-хан сар дадлага хийсэн хүнд хэн ч ингэж даатгахгүй.

Өмгөөлөгчийн мэргэжлийг ийнхүү дампууруулах санаа бүхий хүн бидний дунд байгаад ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буй бол нэрийг нь ил болгож хариуцлага тооцох нь зүйтэй. Хэрэв хөндлөнгийн этгээд бол “баярлалаа, бид нар зүгээрээ” гэж хэлье.

19.3.-д “Холбоо дадлагажигчийн бүртгэлийг хөтлөх бөгөөд ажиллах харъяаллыг тогтооно” гэжээ.

Унших тутам бухимдамаар юм. Холбоо жил бүр сургууль төгсөж буйг олон мянган хүүхдийг өчнөөн зардал гаргаж бүртгээд яах юм? Ямар ач холбогдол байна? Тэгээд эвлэлийн илгээлт гэдэг шиг томилолт өгч явуулах юм уу? Явахгүй бол яах вэ? Шийтгэх үү? Хүний эрхийг ингэж хуульчид өөрсдөө зөрчих юм уу?

22 дугаар буюу мэргэшлийн шалгалтын хувьд Монгол Улсаас өөр улсад 2 шалгалт өгч байж өмгөөлөгч болдог улс байхгүй. Шаардлагатай бол ӨХ ХЗДХЯ-тай хамтран энэ шалгалтыг авч шат дамжлага, чирэгдэлийг багасгах хэрэгтэй байна.

22.5.-д “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ерөнхийлөгч 65 нас хүртэл нь олгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт 65 хүрэхээр нь амьжиргаанаас нь салгах юм уу.

Мөн 23.1.–д “эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өмгөөллийн үйл ажиллагааг 6 сараас дээш хугацаагаар эрхлэх боломжгүй болсон бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн ерөнхийлөгч түдгэлзүүлнэ” гэжээ.

Өвдөөд ажлаа хийж чадахгүй эмчлүүлж, өр, зээлтэй болоод байхад нь “даарин дээр давс” гэгч болохгүй юу?

24.1.4.-д “өмгөөлөгч 65 хүрсэн бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өмгөөлөгчийн өөрийнх нь болон Холбооны санаачлагаар хүчингүй болгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Өмгөөлөгч өөрөө өөртөө ажил олгож байгаа цагт 65 хүрэхээр нь амьжиргаанаас нь салгах юм уу. 65 нас хүрэх нь нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсантай ижил үр дагавартай юм байна, энэ хуулийн төслийг зохиогчдын хувьд,

Мөн 24.2.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөллийн үйл ажиллагааг 3 жилээс дээш хугацаагаар эрхлээгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэжээ.

Үндсэн хууль зөрчиж байна. Татвараа төлөөд бусад мэргэжлийн түвшнээ хадгалах шалгуурыг хангаж байгаа, өөр ажил эрхлээд явж буй өмгөөлөгч 5 дахь эсвэл 10 дахь жилээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулахыг хүсэж болно.

25-р зүйлтэй (өмгөөллийн үйлчилгээний хөлс)-тэй холбогдуулан хэлэхэд 18.5 дугаар зүйлд өгсөн санал, тайлбарын дагуу төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг төрөөс буюу тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллага гаргаж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчээс өмгөөллийн үйлчилгээний хөлс авахгүй байж болно.

Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр бүртгэгдээгүй бусад өмгөөлөгчид өөрсдөө төлбөрийн чадваргүй иргэнээ олоод үнэгүй үйлчилгээ үзүүлж болох ёстой.

“Өмгөөллийн үйлчилгээний хөлсний жишгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэсний хувьд:

Зах зээлийн өнөөгийн нөхцөлд социализмын, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн ийм зохицуулалт шаардлагагүй. Харин 1) өмгөөллийн үйлчилгээний хөлсний доод жишгийг, 2) төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд үйлчлэх хөлсний дээд жишгийг тогтоож болно.

Ер нь нэг ийм дүр зураг тодорч байна: Бид энэ хуулиар бол нэг хувь хүн буюу нэг хэсэг хувь хүний харьяалалд “салбар товчоо” болон дагаар орж, аль болох залуугаараа үтэр түргэн шалгалтуудыг өгч заасан газар нь ажилдаа орон, зөвхөн тэдний төлөө ажиллан, төлбөрийн чадваргүй иргэнийг хоёр удаа өмгөөлөх зардалтай тэнцэх мөнгөн хөрөнгийг, “гишүүний татвар”ын хамт “эзэддээ” төлөх боловч өөр ашиг хонжоо хайх явдалгүй, улмаар 65 хүрмэгц “эздийн” шаардлагыг хангахгүй болсон тул зөвшөөрлөө эгүүлэн тушааж байх юм байна.

Ийм хариуцлагагүй юм хийж бидний цагийг бүү бараад байгаачээ, Холбоо энэ хүмүүстэй хариуцлага тооцоочээ, тооцож болдоггүй юм бол дахиж энэ ажилд битгий оролцуулаач гэж гуйя.

Өмгөөлөгчдөөсөө мөн байр сууриа илэрхийлэхийг хүсье. Та бүхэн дэмжихгүй бол ноцтой зүйл байгааг анхаарна уу. Сүржигнэж байгаа юм биш, хэрэв ийм хуультай болчихвол Монгол өмгөөлөгчид Монгол Улсад ажиллаж, амьдрах хэцүү болох юм байна гэж ойлгож байна.

Хүндэтгэсэн

Өмгөөлөгч Б. Баяр

Sunday, June 6, 2010

Цонх хагалсан хэргийг давах хуралдаанаар хэлэлцүүллээ

Түрүүч нь өмнөх бичлэгт бий ...Миний гол зорилго биелсэнгүй. Гэхдээ хоосонгүй. 2 жилийн хорих ял анхан шатны шүүх оногдуулсан байсныг 4 сар 10 хоног болгон бууруулж өөрчиллөө. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг хэрхэн тогтоож байгааг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний үр дүнд огт ойлгосонгүй хоцорлоо. Сонин л юм...

Friday, April 23, 2010

Давж заалдах гомдол гаргах тухай

Өмгөөлөгч Г.Даваахүү би өөрийн үйлчлүүлэгч Х-т холбогдох эрүүгийн хэргийг ... Дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд Х-ийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181-3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж ял оногдуулсныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Холбогдсон хэргийн тухайд:

Х болон хамтран гэмт хэрэг үйлдсэн гэгдэх хүүхдүүдийн хийсэн үйлдэл нь чулуу шидэж айлын байшингийн цонх хагалсан бөгөөд дотор нь байсан хүнийг хашгирахаар нь хүн байсан юм байна гэдгийг мэдээд бүгдээрээ зугатацгаасан явдал байдаг. Ердөө л энэ.

Энэ үйлдлийг шүүх танхайрах гэмт хэрэг гэж үзсэн. Түүнчлэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж танхайрсан гэх. Эрүүгийн хуулинд зааснаар зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж танхайрсан үйлдэлд 5-аас дээш жилийн хорих ялтай зүйлээр зүйлчилж ял оногдуулахаар заасан. Ердөө л байшингийн цонх хагалсаны төлөө 5 жилийн хорих ялтай зүйлээр зүйлчилж ял оногдуулна гэдэг бол санаанд багтамгүй маш харгис шийдвэр. Энэ арай дэндэнэ. Гэтэл Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хүний амь наснаас байшингийн цонхыг илүүд үзэж байгааг бид огт ойлгохгүй байна. Гэхдээ энэ бол нэгэнт хуулинд ингэж заасан учраас гэж шүүгч тайлбарлана гэдэг нь тодорхой.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний тухайд:

Харин Х-ийн үйлдэл нь үнэхээр Эрүүгийн хуулинд заасан танхайрах гэмт хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй. Бүр эргэлзээтэйгээр барахгүй огт биш гэж өмгөөлөгч би үзэж байна. Учир нь хуулийн томъёолол нь "Бусдыг илтэд үл хүндэтгэн ..." гэж заасан. Х-ийн үйлддэл, мөн нөхдийнх нь ч ялгаагүй бүгдээрээ хэн нэгэн бусад хүмүүсийг илтэд үл хүндэтгэсэн явдал байхгүй. Тэд чулуу шидэж цонх хагалах үед "БУСАД" гэгдэх хэн нэгэн хүн байгаагүй, уг байшинд хүн дотор нь байг болзошгүй ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй, харин ч эсрэгээрээ тухайн байшинд хүн амьдардаггүй байш болзошгүй шинж тэмдэгүүд байсан, тодруулбал уг байшингийн гадна хэсгийн барилгын ажил дутуу хийгдсэн буюу дээвэр нь дутуу баригдсан, тоосго дутуу өрөгдсөн, харанхуй, гадуураа хашаагүй, гадуур нь барилгын материал хөглөрсөн байдалтай байсан гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлт гэх мэт бичгийн нотлох баримтуудаар батлагддаг. Энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын болон хохирогчийн мэдүүлэг, асуулт хариулт гэх мэт ерөнхийдөө шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн дүүрэн нотлогдсон билээ.

Тэгэхээр бусдын буюу тодорхой бие хүний эсрэг, эсхүл тухайн цаг үед ойр орчимд нь хэн нэгэн хүн байсан болоод тухайн хүний амгалан тайван байдал дээрх үйлдлийг хийснээр алдагдсан байх үр дүнг бий болно гэдгийг шүүгдэгч нар урьдаас мэдэж, тийм үр дүнг зориуд хүсч байшингийн цонх хагалсан бол танхайрах гэмт хэрэг биш маргах аргагүй юм. Гэтэл мөрдөн байцаалтаар болон анхан шатны шүүх хуралдаанаар нотлогдсон нөхцөл байдал нь шүүгдэгч нар огт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зорилго агуулаагүй, харин ч хүн байсан юм байна гэдгийг цонх хагалсны дараа уг байшин дотроос хэн нэгэн хүн хашгирах үед мэдээд шүүгдэгч нар өөрсдөө айгаад тэндээс ум хумгүй зугатацгаасан байдаг, үүнийг шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлэхээс гадна хохирогч гэгдэх эмэгтэй ч бас тэднийг зугатацгааж байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ бол нотлогдсон нөхцөл байдал. Тэгээд ч гэмт хэрэг үйлдэж байгаа хүн хохирогчоосоо айгаад зугатна гэдэг ойлгомжгүй, тэртусмаа санаатайгаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хүссэн гэгдэх хүмүүсийн хувьд.

Тэгэхээр эцэст нь дүгнэн хэлэхэд ямар нэгэн амьгүй байшингийн ч юм уу, эсхүл амьгүй гудамжны ч эсрэг юм уу байшин гудамжны амгалан тайван байдлыг алдагдуулна гэсэн ойлголт байж болохгүй болов уу гэж үзэж байна. Энэ нь Х-ийн үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь санаатайгаар биш болгоомжгүйгээр хохирогчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх бөгөөд, гагцхүү чулуу шидэж байшингийн цонх хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн үйлдэл байгаа нь маш тодорхой нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Х-ийн үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзсэн нь тэдний үйлдлийг буруу зүйлчилсэн байж болзошгүй. Ер нь ганцхан ширхэг чулуу шидэж цонх хагалаад үүнээсээ болж 5 жилийн хорих ял шийтгүүлэх гэдэг санаанд багтамгүй зүйл. Гэхдээ аз болж Х-ийн хэрэг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж 5 жилээс 3 жил нь хасагдаж биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоосон. Хэрвээ Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж гараагүй байсан бол ямар ч аргагүй шууд 5 жил гэж анхан шатны шүүх ял оногдуулахыг үгүйсгэхээргүй байна. Шүүх ингэж зүйлчилж ял оногдуулж байгаад өмгөөлөгч би маш их харамсаж байна.

Иймд Х-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.


Хүндэтгэсэн өмгөөлөгч Г.Даваахүү

Ийм нэг хэрэг дээр ийм нэг давж заалдах гомдол бичлээ. Та бүхэн сэтгэгдлээ бичээрэй